Friday, August 6, 2010

хайр гэдэг бол жаргалтай айдас юм

хэн нэгэнд үнэн хайртай байна гэдэг
хэтэрхий гунигтай
түүнгүйгээр амьдарч чадахгүйгээ мэдэрнэ гэдэг
түгшүүртэй,
нэг л түгшүүртэй
хайр гэдэг бол жаргалтай айдас юм
хайрлана гэдэг бол
хайч аваад нүдээ өөрөө сох хатгахын нэр юм
тэгээд тэмтчин тэмтчих атлаа
тэмүүллээсээ зүүгдэн зүүгдэн урагш алхахуй юм
зүүдээ өөрөө зохион байж үзээд
түүндээ үхтлээ итгэхийн нэр юм
зүрхээ өөрөө атгаж тавиад л, атгаж тавиад л
цусыг нь зөөлнөөр шүүрүүлэхүй юм

хэн нэгнийг хайрлана гэдэг
хэмжээлшгүй өндөрт гарахын нэр юм
хэмжээлшгүй өндрөөс унавал бяц үсрэхээ мэдэх ч
хэзээ ч цуцалгүй дээш авирах зориг юм
энэ бол
дэндүү олон түлхүүр нь зүүлттэй ч, цоожтой байгаа
амьдралын, цорын ганц, хэзээд нээгдэхэд бэлэн хаалга юм
энэ бол
нэг орсон хүн эргээд гарч чаддаггүй
асар харанхуй гүн хонгил доторх,
хаа ч юм бэ чимээ өгөн дуугарах
аяар аяархан зовлонт инээд юм. (Л.Ө)

No comments:

Post a Comment